Showing posts with label МУСК. Show all posts
Showing posts with label МУСК. Show all posts

Sunday, December 19, 2010

Movie Club: Би чамд хайртай буюу тоглоомоор хэлдэггүй үг...

Монголын кино урлагын  нэгэн сод бүтээл бол яахын аргагүй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" хэмээх энэхүү кино юм. Дэндүү энгийн сэдэвтэй мэт боловч цаагуураа хүний сэтгэлийн хамгийн нарийн утсан дээр тоглогддог хөгжим адил санагддаг. Би  гарах бүрд нь алгасалгүй бүр нүд цавчилгүй үздэг. Энэ киноноос бидэнд сурах, ухаарах зүйл их бий. 
Би "Би чамд хайртай" -г  үзэх бүрдээ би нэг  зүйлыг боддог.  Хэрвээ Үрлээ тухайн үедээ баян айлын ганган жаал Баярааг биш эгэл жирийн өөрт нь хайртай Дэлгэрийг сонгосон бол тэр хоёрын ирээдүйн амьдрал хичнээн сайхан байх байсан бол....гэж. Хүнд  "хүн"   сэтгэлтэй хүн л хэрэгтэй....

Тухайн үедээ залууст амьдралын мөн чанар юу болох, хайр дурлал гээч хир хүчтэй болоод үнэтэй мөн  хувь тавилангаар тоглох дуртай гэдгийг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байдагийг,  өнгө мөнгөнд дурлах нь юунд хүргэдгыг ухааруулсан бүтээл билээ. Үе үеийн сор дэлгэцийн бүтээлүүд нь тухайн үеийн нийгмийн хөгжил, цаг үеийн байдлыг тольдон гаргаж хойч үедээ өвлүүлэн үзүүлсэн байдаг жишигт энэхүү кино маань хүрч дүйцэх болов уу.
Дурьдахгүй байж болохгүй бас нэг зүйл бол энэ киноны зураг авалт ялангуяа Дэлгэрийн Баяраагынхаас гарж гүйдэг тэр хэсэг бол үнэхээр дахин давтагдашгүй агуу зураг авалт болсон. Нива машины багажыг онгойлгож байгаад камераа доош нь барьж байгаад loop- эээрээ харалгүй  баримжаагаар авсан зураг юм гэдэг.... хосгүй нарийн мэдрэмж, ур чадвар.  Мөн өөр олон зураглаачын ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд хийгдсэн байдаг нь техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ч авахад хүндрэлтэй зураг авалтууд олонтаа байдаг.



Өнгөрсөн жил хайртай киноны маань 2-р анги ихэд сүр дуулиантайгаар гар мөн уран бүтээлчид нь чамгүй мөнгө халааслаад авах шиг болсон. Би ч бас *Би чамд хайртай* киноны маань 2-р анги гарна гэхэд ихэд баяртай байсан боловч бас цаагуураа нууцхан түгшиж л байлаа. Монгол хүн бүрийн сэтгэлийн сэжимтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбогддог энэ киног минь эвдчих вий дээ гэж .... гэтэл үнэхээр ч таамаг минь үнэн болсон 2-р ангийг хийсэн хүмүүст сэтгэл дутсан уу, авьяас чадвар нь дутсан уу гэдгыг би хэлж мэдэхгүй...нэгдүгээр ангынхаа зохиол, өгүүлэмж, найруулгынх нь хаана нь ч хүрсэнгүй....сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг сайхан киноны нэрээр нилээн хэдэн төгрөг олсон доо...

Миний хувьд *Би чамд хайртай* гэдэг кино зөвхөн нэг ангитай гэж бодож явахаар шийдсэн....
Энэхүү кино бол тэртээ хорин хэдэн жилийн өмнө хийгдэж байсан боловч өдгөө ч бидний сэтгэл зүрхийг догдлуулсаар буй  мөнхийн бүтээл мөнөөс мөн. 

Adam... МУСК-ын талаар

Нэгэн ядруухан байрын хувцас хунар, царай зүс гундуу нилээн "балгадаг" байрын залуу нутаг буцах унаа хүлээн суугаа хөдөөний хүүхэн дээр очиж хажууд нь өвдөглөн суугаад:
-Та морь авахгүй биз....
-Үгүй ээ... таньд тэмээ байгаамуу... гэж хэлнэ.


Энэ кино ийм яриагаар эхэлдэг юм. Өнгөцхөн харахад ямар нэгэн утга санаа байхгүй мэт боловч уг киноны үйл явдалтай холбон бодоход билэг тэмдгийн нарийн утга авцалдаа байх шиг... зах хязгаар нь үл харагдах далай болсон их говьд ганц гэрээр айл болон сууж орь ганцаар олон жилийг элээсэн залуу бүсгүйд нэг л өдөр давхиад явчих омголон хангал морь бус тайван амгалан идээшлэх тэмээ илүү түшигтэй  гэсэн санаа байж болох юм.


Оройхон хирд нөгөө залуу маань нилээн халамцуухан алхаж явтал нөгөөх хөдөөний хүүхэн өдөр сууж байсан газраа өнөө янзаараа л сууж байдаг. Түүн дээр залуу  дөхөж ирэн хажууд нь цүнхийг нь налан тухлан сууж:
- та яваагүй л байгаам уу....эд чинь хүнээ дүүрэхээс нааш хөдөлдөггүй улсаа...би ер нь танд тэмээ зурж өгөх үү гээд...үнгэгдэж нугарсан цаас халааснаасаа гаргаж ирээд эв хавгүйхэн тэмээ зурж эхэлдэг.
Залуу маань "бүтээлээ" туурвих хоорондоо гашуун ундаагаа өврөөсөө гарган  хөнтөрөхөө ч бас үл мартана...ингэсээр залуугын нүд бүрэлзэн зүүд зэрэглээ мэт дайвалзан " тасарсан" байдаг.


Нар дээрээс шарж, халуун элс доороос төөнөхөд   гол дүрийн баатар залуу маань арайхын нэг сэрнэ....тэрээр говьд зам дээр хаягдсан байх ба түүний эргэн тойронд элснээс өөр юу ч үгүй.......За үүнээс цааш та бүхэн өөрсдөө үзсэн дээр болов уу. Энэ бол зөвхөн эхлэл хэсэг нь үүнээс цааш олон сонирхолтой адал явдалууд өрнөх болно.


 Та бидний сайн мэдэх Жанчивдорж агсны хүү Сэнгэдорж найруулж мөн зохиолыг нь бичжээ. Найруулагч зохиолоо давхар бичих нь зохиолын утга санааг үзэгчдэд анх ямар байсан тэр хэвээр нь хүргэхэд илүү дөхөмтэй байдаг.


 Киноны хөгжмийг "Алтан ураг" хамтлаг зохиож тогложээ. Хөгжмийн хувьд киноны үйл явдалтай их сайн наалдаж өгдөг. Гэхдээ хуучин аялгуунуудаасаа оруулаагүй дан шинэ хөгжим зохиосон байсан нь үзэгчдэд шинэ соргог туссан болов уу.


Өөр нэг дурьдалгүй өнгөрж болохооргүй зүйл бол дүр сонголт маш сайн хийсэн байсан явдал юм. Кино угаас үг яриа цөөн тул жүжиглэлт, нүүр хувирал,  үйл хөдлөл,  ахуй байдлаар аливаа утгыг илэрхийлэх нь олонтаа тул жүжигчдийн чадварыг асар их шаардаж байсан ч гол дүрийн 2 жүжигчин маань үнэхээр энгийн сайхан тоглож чадсан.


Басхүү бидэнд байгаль эхийнхээ сайхан бүхнээс   бид хэрхэн зугтаж чимээ шуугиант хотын амьралд   юунд нь тэгтлээ дурлах болсоныг асуун чимээгүйхэн "чимхээд" авах шиг болсон. 


Борооны дараах мөөг шиг олон  ашгийн төлөө кино хийгдэх болсон өнөө үед жинхэнэ Монгол ахуй үнэртсэн, хэн ч харсан үзсэн Монгол кино гэж хэлэхээр бүтээл хийж чадсан залуу уран бүтээлч нартаа талархах сэтгэл өөрийн эрхгүй нээлтийн өдөр энэхүү киног үзэж байхад төрж байсан.


Киног ойлгож, ухаж үздэг хэн боловч заавал үзэх ёстой  Монгол дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй энэхүү "Adam" хэмээх   кино  билээ.